Тасгийн мэдээлэл

Tuesday, October 2, 2018

Өмнөтгөл үг

         Тэртээ 1925 оны 10 сарын 25-нд буюу өнгөрсөн зуунд анхлан байгуулагдсан "Ардын эмнэлэг" нь өнөөгийн Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг болж хөгжсөн түүхтэй. Энэ түүхэн замналын нэг хэсэг болсон Европ эмнэлэгт 25 ортой огтлох эсгэх тасгийг 1928 онд байгуулсан нь Монгол улсад мэс заслын ууган тасгийг үүсгэн байгуулсан хэрэг байлаа. Энэ цагаас хойш өдгөө 90 жил өнгөрсөн байна.
        Тус мэс заслын тасгаас салбарлан гарж хөгжсөн мэс заслын чиглэлийн эмнэлгүүд, сүүлийн үед хөгжиж буй дурангийн мэс засал, хиймэл үе солих, эрхтэн шилжүүлэн суулгах болон судасны мэс заслыг хөгжүүлэх, дэлхийн түвшинд хүрсэн вакум (битүүмжлэгдсэн хагалгааны орчин) хагалгааны өрөөтэй болоход мэс заслын ууган тасгийн гүйцэтгэсэн үүргийн талаар судалгаа бий.
            Мэс заслын ууган тасаг маань улсын хэмжээний ерөнхий мэс заслын төв болохоор зорин ажиллаж байгаа бөгөөд бидний залгамж халаа болсон залуу эмч, мэргэжилтнүүд маань мэргэжлийн ур чадвартай, хэлний өндөр боловсролтой, техникийн сайн мэдлэгтэй хэдий ч урьд туулж өнгөрүүлсэн хэцүү бэрх, сайн сайхан, адармаатай түүхийн энэ жимээр урьд туулж өнгөрүүлсэн хэцүү үеэр аялаж өмнөхөө мэдэж байх нь зайлшгүй билээ.
            Бидний туулж өнгөрүүлсэн 90 жилийн түүхийн жимд олсон ололт амжилт, сайн сайхан зүйл бишгүй байгаа. Түүхийн энэ урт удаан хугацаанд манай тасгийн хамт олон, тэдний хийж бүтээсэн зүйлийн талаар аль болох хамруулах, оруулахыг хичээж ажилласан боловч орхигдсон мартагдсан зүйл байхыг үгүйсгэхгүй.Өнөөдөр бол бидний өнгөрсөн ба ирээдүй билээ. Мэргэн уншигч та оюун ухаандаа авах гээхийн ухаанаар тунгааж болгоон бизээ.
            Залуу үе маань сайныг бататгаж, саарыг гээж урагш тэмүүлэн, түүхийг улам баяжуулж мэс заслын ууган тасгийнхаа нэрийг өндөрт өргөж ажиллахын ерөөлийг өргөе.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар,
Төрийн соёрхолт, Профессор, Зөвлөх эмч: Г.Нямхүү 

No comments:

Post a Comment